Мэдээллийн Технологийн МИНИЙ КОМПЬЮТЕР сэтгүүлээс санаачлан Мэдээлэл, Харилцаа, Холбоо, Технологийн Газар, МИДАС/МОНИТА ТББ, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Бизнесийн зөвлөгөөний MFMC ХХК, Биз Онлайн компанитай хамтран мэдээлэл, холбооны технологи (МХТ)-ийн ололт амжилтыг олон нийтэд хүргэх, хэрэглэгчдэд МХТ-ийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зөв сонголт хийхэд нь туслах, шилдэг бүтээгдэхүүн болон үйлчилгээнүүдийг тодруулах үүднээс “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2007” шалгаруулалтыг орон даяар хоёр дахь удаагаа зохион явуулах гэж байна.
Энэхүү шалгаруулалтаар 2007 онд хэрэглэгчдэд хамгийн ихээр хүрсэн, хамгийн шуурхай, баталгаатай, хамгийн олон шинэ хэрэглэгчтэй болсон шилдэг үйлчилгээ, шилдэг бүтээгдэхүүнүүдийг тодруулах юм.
Шилдгүүдийг нийт 9 номинацийн 18 төрлөөр тодруулах бөгөөд МХТ-ийн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, байгууллага, компаниуд болон хэрэглэгч доорх номинациудын дагуу үзүүлдэг болон ашиглаж хэрэглэдэг үйлчилгээ, бүтээгдэхүүнээ нэр дэвшүүлж, Зохион байгуулах хорооноос гаргасан маягтын дагуу дэлгэрэнгүй тодорхойлолтыг Зохион байгуулах хороонд ирүүлнэ. Нэг байгууллага, хувь хүн хэд хэдэн номинацид хэд хэдэн төрлийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийхээ нэрийг дэвшүүлэх боломжтой. Бүх номинацид нэр дэвшигчдийг хязгаарлахгүй бөгөөд нэг байгууллагаас хэдэн ч бүтээгдэхүүн, үйлчилгээг нэр дэвшүүлж болно. “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2006” шалгаруулалтад нэр дэвшсэн, шалгарсан бүтээгдэхүүнүүд дахин нэр дэвшиж болно.
Шилдгүүдийг мэргэжлийн байгууллагын төлөөлөл, шинжээчдийн бүрэлдэхүүнтэй шалгаруулах комиссийн дүгнэлт, олон нийтийн үнэлгээний дүнд үндэслэн тодруулна. Үйлчилгээ үзүүлэгчид “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2007” шалгаруулалтын лого тэмдгийг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ ашиглах эрхтэй болно. Зохион байгуулах хорооны зүгээс шилдэг үйлчилгээ үзүүлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтийн хүртээл болгоно.
Шалгаруулалтын номинациуд
1. Интернэтийн шилдэг үйлчилгээ
- Байгууллагад зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ
- Энгийн хэрэглэгчдэд зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ
2. Харилцаа холбооны шилдэг үйлчилгээ
- Дараа төлбөрт үүрэн холбооны шилдэг үйлчилгээ
- Урьдчилсан төлбөрт үүрэн холбооны шилдэг үйлчилгээ
- Олон улсын ярианы картын шилдэг үйлчилгээ
3. Шилдэг програм хангамж
- Байгууллагын мэдээллийн системийн шилдэг програм хангамж
- Нягтлан бодох бүртгэлийн шилдэг програм хангамж
- Банк, санхүүгийн шилдэг програм хангамж
- Арилжааны шилдэг програм хангамж
4. Шилдэг вэб сайт
- Байгууллагын шилдэг вэб сайт
- Шилдэг портал сайт
- Хувь хүний шилдэг вэб, блог
5. МТ-ийн үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ
6. Дэвшилтэт технологийг 2007 онд нэвтрүүлэгч
7. МТ-ийн шилдэг цогц үйлчилгээ
8. МХХТ-ийн шилдэг реклам
- Шилдэг ТВ реклам
- Шилдэг хэвлэмэл реклам
9. МТ-ийн шилдэг сургалт
Нэр дэвшүүлэх ажиллагаа 2007 оны 10-р сарын 15-наас 11-р сарын 25-ны өдөр хүртэл явагдаж, шилдгүүдийг 12-р сарын 20-ны өдөр тодруулна. Зохион байгуулагчдын зүгээс шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтийн хүртээл болгоно.
Шалгаруулалтыг зохион байгуулах хороо