ҮТЕГ нь “Татварын цахим тайлангийн системийг нэвтрүүлэх ажлын хэсэг”-ийг байгуулж 3 гол төрлийн татварын тайланг 3 хавсралт мэдээллийн хамт цахим хэлбэрээр хүлээн авах ажлыг 2007 оны 4 сараас эхлэн том татвар төлөгчийн албатай харьцагч татвар төлөгчдөөс авахаар туршилтын ажлыг эхлүүлсэн билээ. 2007 оны 8 сараас нийслэл, дүүргийн хэмжээнд НӨАТ-ын тайланг, 9 сараас эхлэн ААНОАТ-ын тайлан, ХАОАТ-ын тайлан, НӨАТ-ын тайланг НӨАТ-ын падааны мэдээллийн хамт цахим хэлбэрээр авч эхэлсэн ба туршилтын хугацаанд дараахь хүндрэлүүд учирч байлаа. Үүнд:
- Хууль эрх зүйн орчин бүрдээгүй
- Татвар төлөгчдийн компьютерийн мэдлэг дутмаг, интернэтийн сүлжээнд холбогдоогүй
- Цахим системийн зааварчилгаа, зөвлөгөө өгөх ажлын ачаалал эрс нэмэгдсэн
- Тайлан буруу шивсэн үйлдлийг татварын албанд хийж байсан нь ачаалал ихэсгэсэн
- Техникийн хүчин чадал хүрэлцэхгүй, боловсон хүчнийг шинэ системд сургаж бэлтгэх шаардлагатай байсан
- Сурталчилгааны зардал өндөр байсан.
Хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд:
Мэдээллийн технологийн салбарын хууль, хуулийн төслүүдийг судалж, Татварын ерөнхий хуулинд цахим үйлчилгээ, цахим тайлан, тоон гарын үсэг, татварын албаны мэдээллийн сан зэрэг зүйл, заалтуудыг шинээр оруулах талаар санал боловсруулсны дагуу Татварын Ерөнхий хууль 2008 оны 5 дугаар сарын 20-нд батлагдсан. Мөн түүнчлэн “Татварын цахим тайлангийн систем”-ыг нэвтрүүлж байгаатай холбогдуулан “Албан татварын тайлан хүлээн авах журам”-д өөрчлөлт оруулж батлуулав. Тиймээс “Татварын цахим тайлангийн систем”-ийг хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлж байгаа болно.
Татвар төлөгчдийг сургах, заавар, зөвлөгөө өгч, “Татварын цахим тайлангийн систем”-ийн сургалтад хамруулах ажлын хүрээнд:
Нийслэл, дүүргийн татварын албадын “Татвар төлөгчдөд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ”-ний төвд татвар төлөгчдөд зориулсан сургалт зохион байгуулж, “Татварын цахим тайлангийн систем”-ийн гарын авлага, зааварчилгаагаар хангаж ажиллахын зэрэгцээ татвар төлөгчдөд зориулж цахим тайлан илгээх, падаан шивэх зориулалт бүхий компьютерийн буланг татварын алба бүр дээр гаргаж, 2008 оны 5 дугаар сард “Утсаар зөвлөгөө өгөх төв”-ийг нээн ажиллуулсан. 2008 оны 11 дүгээр сарын 14-ны байдлаар цахим тайлангийн системд 56295 татвар төлөгч бүртгүүлж, давхардсан тоогоор 294033 тайланг илгээсэн байна. Нийслэл, дүүргийн хэмжээнд ААНОАТ-ын тайланг 33806 татвар төлөгч ирүүлэхээс 20429 татвар төлөгч буюу 60.4%, НӨАТ-ын тайланг 6924 татвар төлөгч ирүүлэхээс 5904 татвар төлөгч буюу 85.3%, НӨАТ-ын падааныг 54.5%, ХХОАТ-ын тайланг 17993 татвар төлөгч ирүүлэхээс 12037 татвар төлөгч буюу 66.9% тус тус ирүүлсэн нь сар бүр цахим тайлангийн системийг ашиглагчдын тоо өсч байгааг харуулж байна.
“Татварын цахим тайлангийн систем”-ийг боловсронгуй болгох ажлын хүрээнд:
Татвар төлөгчдийн тайлан илгээх үйл ажиллагааг програмд үе шаттайгаар боловсронгуй болгох ажлыг хийснээр өнөөдөр тайлан буруу шивэх үйлдэл нийт тайлан ирүүлэлтийн 6%-тай тэнцэж байна. Цахим тайлангийн системийн програм хангамжийг улам боловсронгуй болгож, НӨАТ-ын падааныг боловсруулах програмын 1.7 версийг гарган татварын албаны вэб хуудсан дээр байрлуулаад байна. Энэ нь олон салбартай болон олон компьютерт зэрэг шивэх тохиолдолд файлыг нэгтгэх ажиллагааг боловсронгуй болгосон хувилбар юм. Мөн түүнчлэн татвар төлөгчдийн и-мэйл хаягийн санг үүсгэх, цахим тайлангийн системийг ашиглах үед и-мэйлийн хаягийг бүртгүүлж байхаар системийн бүтцийг өөрчилж, “Татварын цахим тайлангийн систем”-ийг ашиглаж татварын тайлангаа ирүүлж байгаа татвар төлөгчдөд мэйлийн хаяг бүртгүүлэх саналыг цахим тайлангийн системээрээ дамжуулан хүргүүлсэн. Энэ нь татвар төлөгчид татварын албаны шинэ мэдээ, мэдээллийг хурдан шуурхай хүргэх, цахим тайлангийн системд нэвтрэх үгийг мартсан тохиолдолд шинэ нэвтрэх үгийг цахим шуудангаар хүлээн авах боломжтой болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 3506 татвар төлөгчийн 3247 мэйлийн санг үүсгээд байна.
Татварын албаны техник тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах, татварын албаны боловсон хүчнийг сургах ажлын хүрээнд:
Цахим тайлангийн системийн ачаалал хэт их байгаатай холбогдуулан интернэтийн хурдыг нэмэгдүүлэх, нэмэлт гарц бий болгох чиглэлээр судалгаа хийж, интернэтийн үйлчилгээ үзүүлэх байгууллагуудтай санал солилцож, үйлчилгээний хөлсийг 30%-иар бууруулж, 2мвт хурдыг 4 мвт болгон нэмэгдүүлэх хэлэлцээрийг амжилттай хийж дэд бүтцийн хүчин чадлыг сайжруулсан нь энэхүү систем амжилттай ажиллах нөхцлийг бий болгосон юм. Мөн түүнчлэн цахим тайлангийн системийн хүрээг тэлэх зорилгоор аймаг, орон нутгийн татварын албадтай харьцагч татвар төлөгчдөөс цахим тайлан хүлээн авах ажлыг эхлүүлсэн. Оны эхний хагас жилд 10 аймгийн татварын албадыг ҮТЕГ-тай шилэн кабелийн сүлжээнд холбож цахим тайлан хүлээн авах дэд бүтцийг аймаг, орон нутгийн хэмжээнд бэлэн болгосон. Үүний үндсэн дээр 2008 оны 10 сараас эхлэн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн болон Багануур, Налайх дүүргийн татвар төлөгчдөөс цахим тайланг хүлээн авах ажлыг амжилттай эхлүүлээд байна. Зарим орон нутгийн татварын албадын хувьд тодруулбал Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ, Багануур, Налайх дүүргийн нийт 200 гаруй татвар төлөгчдөд болон татварын албадын 250 байцаагчдад цахим тайлангийн системийг сургалтыг зохион байгууллаа.
“Татварын цахим тайлангийн систем”-ийн сурталчилгааны ажлын хүрээнд:
2008 оны 5 дугаар сарын 13-17-ны хооронд Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдсан ICT EXPO 2008 үзэсгэлэнд төрийн байгууллагуудаас манлайлан оролцож, “Татварын цахим тайлангийн систем”, татварын албаны вэб хуудас, татвар төлөгчдийн мэйл хаягийн бүртгэл, хуулийн этгээдийн оноосон нэрийн цахим бүртгэлийн үйл ажиллагаа, утсаар зөвлөгөө өгөх төвийн талаар сурталчлах ажлыг зохион байгуулав. Үзэсгэлэнгийн үеэр сургалт зохион байгуулж, сурталчилгаа явуулсны дүнд 834 НӨАТ-ын тайланг цахим тайлангийн системэээр ирүүлсэн. Сурталчилгааны үеэр “Татварын цахим тайлангийн систем”-ийн талаар санал асуулгын хуудсыг тараасан бөгөөд нийт 200 гаруй татвар төлөгчид татварын албаны мэдээллийн систем, татварын албаны вэб хуудас, татвар төлөгчдөд зориулсан үйлчилгээний талаар саналаа өгсөн байна. Сангийн яамнаас зохион байгуулсан 3 удаагийн “Нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагаанд оролцож, татвар төлөгчдөд “Цахим тайлангийн систем”-ийн сурталчилгааг явуулав.
“Татварын цахим тайлангийн систем”-ийн онцлог
- Татвар төлөгчдийн цаг хугацааг хэмнэсэн үйл ажиллагаа.
- Татвар төлөгчид хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүнээс хамааралгүйгээр татварын тайланг татварын албанд ирүүлэх боломжтой болсон.
- “Татварын цахим тайлангийн систем”-ийн програм хангамж нь энгийн, хялбар, ойлгомжтой байдлаар боловсруулагдсан учраас цахим тайлангийн системээр үйлчлүүлэгчдийн тоо сар бүр нэмэгдэж байна.
- Татвар төлөгчид “Татварын цахим тайлангийн систем”-д хандан өөрийн татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, татварын төлөлт, өрийн үлдэгдлийг харах боломжтой.
- Улсын хэмжээнд НӨАТ төлөгчийн тоо нэмэгдэж байна. НӨАТ-ын падааныг системээр боловсруулж байгаа учир татвар төлөгчид бие биедээ хяналт тавьж, НӨАТ төлөгчийн тоог нэмэгдүүлж буй сайн талтай. НӨАТ төлөгчдөөс падаан бичүүлж авах, НӨАТ биш татвар төлөгчдөд НӨАТатвар төлөхгүй байх зэрэг хандлагууд гарч байна.
- Татвар төлөгчдийн дунд татварын албаны нэр хүнд өсч, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан “Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээ”-ний шинэ хэлбэрийг нэвтрүүлж бий болгосон.
“Татварын цахим тайлангийн систем”-ийг ашиглаж буй татвар төлөгчдийн цахим хаягийг бүртгэж эхэлсэн нь татварын хууль тогтоомж, журам, аргачлал, мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх, мөн түүнчлэн байгууллагын сурталчилгааны зардлыг хэмнэх боломжийг бүрдүүлж байна.
“Татварын цахим тайлангийн систем”-ийг нэвтрүүлсэн эдийн засгийн үр өгөөжийг тооцвол:
Дунджаар нэг татвар төлөгчөөс нэг удаагийн тайланг ирүүлэхэд гарах зардал:
- Унааны хєлс 800 тєгрєг /нийтийн унаа, 2 талдаа/
- Цагийн хєлс 4 цаг * 512 = 2048тєгрєг /ирэх, буцах цаг хугацаа, нэг цэгийн
үйлчилгээнд дугаарлах цаг хугацаа/
- Цаас 200 тєгрєг /цаас, хэвлэх/
Дүн 2648тєгрєг
НЄАТ 12 сар * 2648 төгрөг * 7384 татвар төлөгч = 234.6 сая тєгрєг
ААНОАТ 4 улирал * 2648 төгрөг * 33806 татвар төлөгч = 358.1 сая тєгрєг
ХХОАТ 4 улирал * 2648 төгрөг * 17993 татвар төлөгч = 190.6 сая тєгрєг
Дүн 783.3 сая тєгрєг
хэмнэхээр тооцоо гарч байна.
“Татварын цахим тайлангийн систем”-ийг нэвтрүүлсэн үр дүн, үр нөлөөг тооцвол:
- “Татварын цахим тайлангийн систем”-ээр үйлчлүүлэгчдийн тоо сар бүр нэмэгдэж байгаа нь татвар төлөгчид энэ үйлчилгээ үнэхээр хэрэгтэй байжээ гэдэг нь харагдаж байна.
- Татварын байцаагчийн ажлын ачаалал багасч, татварын албаны үйл ажиллагааны нэг шат дамжлагыг үгүй болгосон нь цаг хугацааг хэмнэх, алдаа гаргах эрсдлийг бууруулсан.
- Компьютер хэрэглэгчдийн тоо, компьютер худалдан авагчдын тоо, интернэтэд холбогдох үйлчилгээ авагчдын тоо өссөн, интернэт кафе шинээр байгуулах, тэднээр үйлчлүүлэгчдийн тоо өссөн.
Монгол улсад “Self assessment” буюу татвар төлөгч орлогоо өөрөө тодорхойлж, татвараа төлдөг систем хэрэгждэг учраас энэхүү “Татварын цахим тайлангийн систем”-ийг нэвтрүүлж татвар төлөгч өөрөө тайлагнаж байгаа нь дээрхи онолыг сонгодог утгаар нь бодитойгоор хэрэгжүүлж байгаагийн жишээ юм. |