Эрхэм хүндэт зочид, мэдээллийн технологийн хамтран зүтгэгчид,
Эрхэм хатагтай, ноёд оо,
Та бүхэнд шинэ оны мэнд хүргэж ирж буй шинэ ондоо амжилт бүтээл арвин, аз хийморьтой явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мэдээллийн Технологийн МИНИЙ КОМПЬЮТЕР сэтгүүлээс санаачлан Мэдээлэл, Харилцаа, Холбоо, Технологийн Газар, МИДАС/МОНИТА ТББ, Мэдээллийн Технологийн Үндэсний Парктай хамтран мэдээлэл, холбооны технологи (МХТ)-ийн ололт амжилтыг олон нийтэд хүргэх, хэрэглэгчдэд мэдээлэл холбооны технологиийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зөв сонголт хийхэд нь туслах, шилдэг бүтээгдэхүүн болон үйлчилгээнүүдийг тодруулах үүднээс “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2008” шалгаруулалтыг гурав дахь удаагаа амжилттай зохион явууллаа.
Зохион байгуулах хорооноос номинациудыг шинэчилж, шилдэг цахим үйлчилгээ номинацийг шинээр орууллаа. Энэ удаагийн шалгаруулалтаар МХТ-ийн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, байгууллага, компаниуд болон хэрэглэгчид нийт 10 номинацийн 17 төрлөөр үзүүлдэг болон ашиглаж хэрэглэдэг үйлчилгээ, бүтээгдэхүүнээ нэр дэвшүүлэх боломжтой боллоо.
Зохион байгуулах хорооноос шалгаруулалтыг хэвлэлийн бага хурал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, вэб хуудас, цахим шуудангийн сүлжээнүүдээр зарлаж, номинаци бүрийн бүртгэлийн маягтыг вэб хуудсанд байршуулж, бүртгэлийн үйл ажиллагааг 2008 оны 9-р сарын 15-наас 11-р сарын 15-ны өдөр хүртэл явууллаа. Нийт 168 байгууллагад шалгаруулалтын албан бичгийг бичгээр хүргүүллээ.
Шалгаруулалтын www.mycomputer.mn/ictbest2008 вэб хуудсыг 2008 оны 9 дүгээр сарын 12-ноос эхлэн ажиллуулж, шалгаруулалтын талаар бүхий л мэдээллийг цаг тухайд нь байршуулж ирлээ. Тус вэб сайтад 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 41457 хандалт хийгдсэн байна.
Шалгаруулалтад нэр дэвшүүлэн бүртгүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шалгаруулалтын вэб сайтад байршуулж, олон нийтэд сурталчлан таниуллаа. Энэ удаагийн шалгаруулалтанд 28 байгууллагаас дэвшүүлсэн 59 бүтээгдэхүүн, үйлчилгээ өрсөлдлөө.
Шилдэгүүдийг олон нийтийн санал асуулга, хэвлэл мэдээллийн болон мэргэжлийн байгууллагуудын үнэлгээ, зохион байгуулах хорооны дэргэдэх ажлын хэсгийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй газар дээр нь танилцаж өгсөн үнэлгээ, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдээс авсан үнэлгээг үндэслэн шалгарууллаа.
Энэ удаагийн шалгаруулалтын олон нийтийн санал асуулга өргөн хүрээнд явагдаж, хэрэглэгчид идэвхтэй оролцсоныг дурдахад таатай байна. Олон нийтийн санал асуулгыг 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 28-ний өдрүүдэд явууллаа. Зохион байгуулагчдын зүгээс санал асуулгад олон нийтийн саналыг бодитой тусгах үүднээс санал асуулгын системийг илүү боловсронгуй болгоход анхааран ажиллалаа.
МХХТ-ийн бодлого боловсруулах, зохицуулах, хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг МХХТГ, ХХЗХ, ШБӨХЗГ, МТҮП, МУИС, ШУТИС, МИДАС/МОНИТА ТББ, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Оюуны өмчийн газар зэрэг байгууллагуудаас гадна хэвлэл мэдээллийн болон мэргэжлийн нийт 31 байгууллагад дэлгэрэнгүй үнэлгээ хийлгэх хүсэлт тавьсанаас 20 байгууллага үнэлгээнд оролцлоо.
Зохион байгуулах хорооны дэргэдэх ажлын хэсгээс бүтээгдэхүүн үйлчилгээтэй газар дээр нь танилцаж өгсөн үнэлгээ, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдээс авсан үнэлгээ авах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
МХТ-ийн шилдэг сонголт 2008 шалгаруулалтыг хамтран зохион байгуулагчид, бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэр дэвшүүлэгч байгууллага, саналаа ирүүлсэн нийт байгууллага, хэрэглэгчиддээ гүн талархал илэрхийлье.
Зохион байгуулах хорооны нэрийн өмнөөс болон хувийн зүгээс энэхүү шалгаруулалтыг амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн бүх гишүүд, тэр дундаа Миний Компьютер сэтгүүлийн эрхлэгч Н.Нандин-Эрдэнэ, МИДАС МОНИТА ТББ-ын ажилтан М.Ариунцэцэг нарт талархаснаа илэрхийлж байна.
Жилийн дараа энэ өдөр шилдэгүүдээ тодруулах МХТ-ийн шилдэг сонголт 2009 шалгаруулалт улам өргөн далайцтай болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Ерөнхий шүүгч С.Уянга
2008 оны 12 дугаар сар 17
Kempinski Khan Palace зочид буудал